Оюутнуудтай цахимаар ярилцав
Туркэд суралцдаг Монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөлтэй Элчин сайд Р.Болд 4 дүгээр сарын 18-ны өдөр цахим уулзалт хийж, тус холбооны сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар сонсож, монгол оюутнуудын өмнө тулгарч буй бэрхшээл хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, арга замын талаар санал солилцов. Улмаар оюутнуудын зүгээс гаргасан саналын үндэслэн магистр болон докторын зэрэг горилогчдын дунд эрдэм шинжилгээний хурлыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов. Сургуулиа дүүргэсэн боловч нутаг буцаж чадахгүй байгаа зарим оюутны зардлыг Туркийн холбогдох байгууллагад тавьж зохицуулах, хувийн зардлаар сурч буй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой эсэх зэрэг саналуудыг судалж, шийдвэрлэх талаар ажиллах болон Туркэд суралцаж байгаа монгол оюутнуудын ээлжит чуулга уулзалтыг Анкарад зохион байгуулах санал хүчинтэй байгааг Элчин сайд тус тус илэрхийлэв. Уулзалтад Истанбул, Сакарья, Эрзурум, Кожеали, Бурса зэрэг хотод суралцаж байгаа оюутны төлөөлөл болон Истанбул хотод суугаа Ерөнхий консул Ш.Хишигсүрэн оролцов.