Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан тухай
Тус ЭСЯ, Истанбул хотод суугаа ЕКГ, Турк дэх монгол оюутны холбоотой хамтран Туркэд сурч буй монгол оюутан, судлаачдын дунд “Эрдэм шинжилгээний гуравдугаар хурал” уламжлалт арга хэмжээг 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, Анкара хоттой танилцах аялал, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулав.
Энэ удаагийн хуралд Анкара, Истанбул, Ескишехир, Измир, Сакарья, Испарта зэрэг хотод суралцаж буй 8 илтгэгч оролцож, нийгэм, байгалийн шинжлэх ухааны салбарт магистрын болон баклаврын түвшинд илтгэлүүдээ хэлэлцүүлэв. Шүүгчдээр манай ШУА-ийн философийн хүрээлэнгийн судлаач, Ph.D. Х.Амантай, Metcon Construction компаний инженер М.Аманбек, Эрчиес их сургуулийн докторант Б.Батсайхан, Хаккари хотын эмнэлгийн сэтгэцийн эмгэг судлалын эмч Б.Бөхбат, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш Б.Орлого, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш Э.Наранбаатар нар ажиллав. Найман илтгэлээс шаардлага, хангасан таван илтгэлийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:
- Ш.Энхсайхан /Истанбул хотын Мимар Синан их сургууль/ - “Улаанбаатар хотын замын түгжрэл, нийтийн тээврийн асуудлыг шийдэх арга замууд”,
- О.Эрдэнэжаргал /Сакарья их сургууль/ - “Нарийн ширхэгтэй үнс, байгаль орчин дахь нөлөө, дахин боловсруулан ашиглах нь”,
- Б.Болортуяа /Ескишехир хотын техникийн их сургууль/ - “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын газар нутагт шинжилгээ хийх нь”,
- Е.Багдаулет /Сакарья их сургууль/ - “Термопластик полимер материал ашиглан гурван хэмжээстээр хэвлэсэн хийцийн механик шинж чанарын судалгаа”,
- Г.Мөнхзориг /Анкара хотын Ыйлдирим Беяазит их сургууль/ - “Тав хүртэлх насны хүүхдийн гэрийн эндэгдлийн шалтгаанууд” илтгэлүүдийг шалгаруулав.
Хурлыг 80 гаруй иргэд, оюутнууд биечлэн ирж үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа, Карадениз техникийн их сургуулийн төгсөгч, докторант Г.Бүгүнэй, Туркэд төгсөгчдийн холбооны тэргүүн М.Анужин, удирдах зөвлөлийн гишүүн А.Хосхүү, Б.Аскар, Б.Сананцэцэн нар цахимаар холбогдож, өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцсан нь оюутнуудын талархлыг хүлээв.
Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 11 баг, эмэгтэй 3 баг, гар бөмбөмгийн эрэгтэй, эмэгтэй холимогийн тэмцээнд 8 баг өрсөлдөв. Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тэмцээнд:
- Кожаели хотын баг 1-р байр,
- Эскишехир хотын “СС Монголианс” баг 2-р байр,
- Болу хотын баг 3-р байр,
Сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тэмцээнд:
- Анкара хотын “Анкара-2” баг тэргүүн байр,
- Кайсери хотын баг дэд байр
Гар бөмбөгийн тэмцээнд:
- Истанбул хотын баг тэрүүн байр,
- Эскишехир хотын “СС Монголианс” баг 2-р байр
- Турк дэх Монгол оюутны холбооны баг 3-р байр тус тус эзлэв.