БНТУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Анкара хотод боллоо.
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоаны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нийслэл Анкара хотноо байрлах Ерөхийлөгчийн цогцолбор төвд боллоо.
Дэлхийн 100 гаруй улсын төрийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон тус ёслолын үйл ажиллагаанд манай улсаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр нарын төлөөлөгчид оролцов.
Туркийн Ерөнхийлөгчийн болон Парламентийн ээлжит ерөнхий сонгууль 2023 оны 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс дийлэнх олонхын буюу 50%+1 санал авч чадаагүй тул хоёр дахь шатны сонгууль 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, Режеп Тайип Эрдоан ялалт байгуулсан.
Режеп Тайип Эрдоан нь Туркийн 12 дахь Ерөнхийлөгч бөгөөд энэ удаа улиран сонгогдсоноор гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх тул Ерөнхийлөгч Эрдоан ийнхүү 2028 оны 5 дугаар сарыг дуустал Туркийн Ерөнхийлөгчөөр дахин ажиллахаар боллоо.