2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 246 иргэн эх орондоо буцлаа. Истанбулд суугаа ЕКГ-т 9 дүгээр сарын 12-нь өдрийн байдлаар эх орондоо буцах өргөдлөө 939 иргэн өгснийг УОК-т хүргүүлсэн болно. Улмаар УОК-оос энэ удаагийн нислэгт багтах шаардлага хангасан хэмээн 251 иргэний нэрсийг ирүүлсэн юм.
Истанбулын нисэх буудалд нислэгийн бүртгэлийг иргэдийн визийн асуудалтай холбогдуулан төлөвлөсөн цагаас 30 минутын өмнө эхлүүлэх хүсэлтийг Туркийн талд ЕКГ-аас тавьж шийдвэрлүүлэн бүртгэлийг өглөөний 8:20 минутад эхлүүлсэн. Харамсалтай нь, энэ үеэр манай улсын 5 иргэн бичиг баримтын болон бусад зөрчилтэй нь тогтоогдож, улмаар Туркийн тал дээрх иргэдийг саатуулснаас нислэгт багтаагүй болно. Түүнчлэн 67 иргэн визийн болон бусад зөрчилтэй нь тогтоогдож, Туркийн талаас дээрх иргэдийн заримд торгууль оногдуулах, торгууль төлөхөөс татгалзсан зарим иргэдэд 3-5 жилийн хугацаатай тус улсын хилээр орохыг хориглосон арга хэмжээ авав.
Иймд тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэд суугаа орны хууль тогтоомжийг чандлан мөрдөж, бусдын бичиг баримтаар хил нэвтрэхийг оролдох, ашиглах, суугаа орны хилээр нэвтэрсэн тухай дардсыг хуурамчаар хийлгэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Энэ тохиолдолд туркийн тал Таныг хил нэвтрүүлэхгүйгээр зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авч байгааг анхаарна уу.